Thursday, August 11, 2016

Сонин уулзалт

Өнөөдөр сэтгэл дундуураа холхиж яваад бага настайгаа санаандгүй таарчихав.

Дэлгүүрт гацуур мод засагдан гадаа цас орж, хаа нэгтээгээс мандарин үнэртэхэд өөрийн эрхгүй нэг зөөлөн мэдрэмж дээшлээд байлдаг юм. Гацуур, цас, мандарин гурав бага насыг минь дууджээ. Байрныхаа айлуудын цонхон дээрх том том шилэн тоглоомтой гацуур моддыг тоолж, гэрэл нь хэрхэн анивчихийг хүйтэн үдэш хацар хамраа хайруулан байж хардаг сониуч хүүхэд байсансан. Аав ээжийн ажлын газраас өгсөн цаасан ууттай бэлэгнээс хамгийн түрүүнд мандариныг нь иднэ. Хальсыг нь хуулахаар нүд рүү цацарч хорсгоод дараа нь өрөөгөөр нэг ханхалдаг шаргал мандарин…

... Охин гараараа хамраа үрж, нусаа шор хийтэл татлаа. Үсээ хоёр сүлжиж, үзүүрт нь цагаан тууз хайш яйш зангидсан сахилгагүй охин урдаас ширтэнэ...
- Чи их хөөрхөн юм аа 
- Хннн, Би хөөрхөн биш ээ
- Яагаад?
- Манай ангийн хөвгүүд намайг тоодоггүй шд.

Тэр угаасаа ингэж л палхийтэл хариулдаг. Бид хоёр бие биенийгээ сайтар шинжлээ. Надад бага нас минь, харин түүнд ирээдүй нь сонин байлаа.

- Найз минь, тэгээд би чамд таалагдаж байна уу?
- Гайгүй ээ.
- Гайгүй гэнэ үү. Юу нь таалагдахгүй байна?

Ингэж асуучихаад түүний юу хэлэхийг зөнгөөрөө мэдэрч байлаа. “Та миний өдөр бүр тэвэрч өнждөг бор цаастай зузаан номнуудыг уншихаа больчихсон. Консуэло, Дантес, Цагаан соёот, Мөрч, Мерседестэй зүүдэндээ уулзаж, хамт аялдаг байсан мөрөөдлийг минь алга болгосон. Яг лусын дагины далайн хөөс шиг. Дуртай дуугаа чангаар дагаж дуулдаг байсан чинь больчихож. Ангийнхаа охинд атаархсандаа орцных нь ханан дээр “Энд аальгүй Төөгий амьдардаг” гэж бичээд зугатаж “өшөөгөө” авдаг зан минь ч бас байхгүй болсон. Та аймхай, муу санаатай, ингэвэл яана, тэгвэл яана гэж боддог томчууд шиг өөрийнхөө дуртай зүйлийг хийхээ больчихож. Аав, ээж хоёртой баяр болгоноор хамт байдаг байсан, одоо хаа байна?” Тэр харцаараа ингэж гомдоллож байлаа.

Тэр явах болжээ. - За, найз минь, аав ээжийнхээ үгэнд сайн орно шүү.
- Би сайн л ордог шд. Хоёр дүүгээс болж л дандаа загнуулдаг болохоос. Та өөрөө мэдэж байж.

Тэр ингэж цовоо нь аргагүй хэлснээ “Та хүүхдээ битгий загнаж байгаарай. Хүүхэд л юм хойно сахилгагүйтмээр л байгаа шдээ” гэж том хүн шиг хээвнэг зөвлөснөө баяртай гэж даллаад алга боллоо...

Бага нас аа гэж!

No comments:

Post a Comment